Back to top
8 April 2021

Аюулгүй групп чат, хурал явуулах хэрэгслүүдийн зааварчилгаа

Ковид-19 өвчний үеэр багууд зайнаас ажиллах нь нэмэгдсэнээс улбаалан бидний харилцаа холбоо хэр хамгаалагдсан бэ гэсэн асуулттай бид тулгарч байна. Харилцаа холбооны аль хэрэгсэл хамгийн сайн нь вэ? Эмзэг мэдээлэл бүхий байгууллагын дотоод хурал явуулахад хамгийн сайн хамгаалагдсан хэрэгсэл аль нь вэ? Аль платформ/хэрэгсэл нь онлайн курс болон зайны сургалт явуулахад оролцогчдын нууцлалыг хадгалж, аюулгүй байдлыг хангах үйлдэлтэй вэ?

Frontline Defenders (Галын шугам дахь хамгаалагчид) өөрийн онцгой хэрэгцээнд тохирох хэрэгсэл сонгоход тань туслах энэхүү тоймыг хүргэж байна.

Жич:

  • Нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл кодолсон (e2ee) тохиолдолд таны мессеж таны төхөөрөмжөөс гарахаас өмнө кодлогдож очих хүнийхээ төхөөрөмжинд очсоныхоо дараа код нь задрах болно. Нууцлал шаардах байгууллагын дотоод, эсвэл хамтрагчтайгаа хурал хийхээр төлөвлөж байгаа бол e2ee-ийг ашиглах нь чухал юм.

  • Серверт хийх кодлол нь таны төхөөрөмжөөс гарах үед кодлогдох боловч серверт очиж кодыг задлан мэдээллийг боловсруулсны дараа очих хүнрүү явуулахын өмнө дахин кодолдог юм. Хэрэв та өөрийн серверт бүрэн итгэж байгаа тохиолдолд серверын кодлол ашиглах нь ЗӨВ юм.

Zoom болон бусад хэрэгсэл/платформуудыг жагсаалтанд оруулаагүйн учир: Бүлгээрээ холбоо барьж болох маш олон платформ/хэрэгслүүд байдаг. Энэхүү зааварчилгаанд бид сайн үйлчилгээ хүргэлэг, нууцлал болон мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгслүүдийг сонгосон юм. Мэдээж эдгээр платформын аль нь ч 100% нууцлал, аюулгүй байдлыг хангаж чадахгүй, тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Zoom, Skype, Telegram, WhatsApp зэрэг хэрэгслүүдийг оруулаагүйн учир нь эрсдэл өндөртэй гэж үзэн Front Line Defenders бид санал болгохгүй байна.

Тандан ажиглалт ба үйлдэл: Facebook, Google, Apple болон бусад компаниуд өөрсдийн хэрэглэгчид, тэдний онлайн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилггээ хийн мөнгө олох хэрэгсэл болгож байна. Бүгд биш гэхэд ихэнх компаниуд ямар нэгэн түвшинд бидний намтрыг гаргасан байдаг. Хэрэв серверт хийх кодлолоор харилцсан бол тухайн платформын эзэмшигчид мэдээллийг хадгалаад авсан байж болно. Нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэлх кодлолыг ашигласан ч байршил, цаг, хэнтэй холбогдсон, хэр ойр холбогддог зэрэг мэдээллүүд хадгалагдан үлдэх магадлалтай. Таны талаар мэдээлэл цуглуулж, хадгалж, бусадтай хуваалцаж байгаа нь таалагдахгүй байгаа бол эдгээр компаниудын үйлчилгээнээс татгалзахын зөвлөж байна.

Таны ярианы хамгаалалтын түвшин зөвхөн таны ашиглаж буй платформоос гадна та болон бусад хүмүүсийн байгаа газар, ашиглаж байгаа хэрэгсэлийн дижитал хамгаалалтаас шалтгаална.

Анхаар: Зарим улсад кодлол хууль бус үйлдэлд тооцогддог. Тиймээс дээрх хэрэгслүүдийг ашиглахаасаа өмнө өөрийн улсын хууль тогтоомжийг харгалзан үзэх шаардлагатай.

Хэрэгсэл/платформ сонгох шалгуур

Холбооны платформ, аппликэйшн, программ сонгохоос өмнө судалгаа хийхийг зөвлөдөг. Судалгаанд анхаарах асуултуудыг дор дурдав. Үүнд:

  • Хангалттай хөгжсөн платформ уу? Хэрэглээнд орсноос хойш хэр хугацаанд ажиллаж байгаа вэ? Тухайн платформын шинэчлэл идэвхитэй хийгдэж байна уу? Идэвхитэй хөгжүүлэгч бүлэг нь хэр том бэ? Хэр олон идэвхитэй хэрэглэгчтэй вэ?
  • Тухайн платформд кодлол хэрэглэх боломжтой юу? Кодлол нь нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл үү эсвэл зөвхөн сервер дээрх кодлол уу?
  • Тухайн платформын эзэн аль улсад харьяалагддаг ба серверуудын байршил хаана вэ? Энэ нь танд болон таны хамтрагчдад ямар нэгэн асуудал үүсгэх магадлалтай юу?
  • Хурал зохион байгуулагч өөрөө хост (host) хийх боломжтой юу?
  • Тухайн платформ нь нээлттэй эх үүсвэртэй юу? Шалгах зорилгоор хэн нэгэнд эх үүсвэрийн кодоо өгдөг үү?
  • Тухайн платформд хараат бус аудит хийсэн үү? Хамгийн сүүлд хэзээ аудит хийлгэсэн бэ? Шинжээчид тухайн платформыг юу гэж дүгнэсэн бэ?
  • Тухайн платформын хөгжил болоод эзэмшлийн түүх. Ямар нэгэн аюулгүй байдлын асуудалтай тулгарч байсан уу? Тэдгээр асуудлуудад эзэмшигч болон хөгжүүлэгчид хэрхэн арга хэмжээ авсан бэ?
  • Та нар хэрхэн холбогдож байна вэ? Утасны дугаар, и-мэйл болон өөрийн сонгосон нэрээ (nickname) өгөх шаардлагатай юу? Шаардагдах аппликэйшн/программын заавал суулгах шаардлагатай юу? Энэхүү аппликэйшн/программыг суулгаснаар таны төхөөрөөмжөөс таны ямар ямар мэдээлэлд нэвтрэх боломжтой болох вэ? Үүнд таны утас/хаягны жагсаалт, байршил, микрофон, камер зэрэг орж байна уу?
  • Сервер дээр ямар зүйлс хадгалсан бэ? Платформ эзэмшигч ямар мэдээлэл авах боломжтой вэ?
  • Тухайн платформ таны хэрэгцээг бүрэн хангах үйлчилгээ үзүүлж чадах уу?
  • Тухайн платформыг ашиглах хүртээмж нь хэр вэ? Тухайлбал, ашигласны төлбөр, сурах, хэрэгжүүлэх болон IT тусламж шаардлагатай эсэх, хост үйлчилгээний өртөг г.м.

Энэхүү зөвлөмжид дурдсан хэрэгсэл/платформын талаар дэлгэрэнгүй мэдээлэл

Жич: Тодотгоогүй тохиолдолд доор дурдсан платформ, аппликэйшн болон программууд бүгд Windows, MacOS, Linux, Andoid болон iOS дээр ажиллана. Үйлдлийн системээс хамааран зарим үйлдлүүд ажиллахгүй байж болох юм.

Signal - https://signal.org/

  • Эзэмшигч нь ашгийн бус байгууллага: Signal Technology Foundation / АНУ
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; мессежүүд алга болно; дуут мемо; файл болон зураг явуулна;
  • Лиценз: Үнэгүй болон нээлттэй эх үүсвэр (GNU General Public License v3.0)
  • Host: Signal's-ийн сервер дээр хост хийнэ
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: дуут 1-с 1 / видео 1-с 1 / текст хязгааргүй
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм, бүртгэлд утасны дугаараа оруулна
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ
  • Тайлбар: Бусадтай холбогдохын тулд та тэдэнд өөрийн утасны дугаараа өгөх шаардлагатай. Signal PIN, Registration Lock, Screen Lock, Enable Screen Security зэргийг Privacy settings-с тохируулах замаар аюулгүй байдлын settings ашиглахыг зөвлөж байна. Signal transparency report (ил тод байдлын тайлан) гаргадаг.

Delta Chat - https://delta.chat/

  • Эзэмшигч нь арилжааны компани: Merlinux GmbH / Герман
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл
  • Үзүүлэлт: текст; дуут мемо; файл болон зураг явуулна;
  • Лиценз: Үнэгүй болон нээлттэй эх үүсвэр (GNU General Public License v3.0)
  • Host: Аль ч и-мэйлын сервертэй ажиллана (IMAP шаардлаатай)
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: хязгааргүй
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм, IMAP ашиглах и-мэйл эккаунт.
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ
  • Тайлбар: Бусадтай холбогдохын тулд та тэдэнд өөрийн и-мэйл хаягаа өгөх шаардлагатай.

Wire - https://wire.com/

  • Эзэмшигч нь арилжааны компани: Wire Swiss GmbH / Швейцар
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; мессежүүд алга болно; дуут мемо; файл болон зураг явуулна;
  • Лиценз: Үнэгүй болон нээлттэй эх үүсвэр (client: GNU General Public License v3.0, server: GNU Affero General Public License v3.0)
  • Host: Wire-ын өөрийн сервер
  • Үнэ: хувийн хэрэглээнд үнэгүй, бусад тохиолдолд эккаунт тус бүр сарын хураамжтай
  • Оролцогчдын тооны хязгаар: Дуут 10 хүртэл / Видео 4 хүртэд/ Текст 500 хүртэл оролцогч
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм, и-мэйл эсвэл утасны дугаараар бүртгэл хийгдэнэ -. Аль ч оролцогч хурлын бүлэг байгуулах боломжтой.
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ эсвэл браузер.

Jitsi Meet - https://jitsi.org/jitsi-meet/

  • Эзэмшигч нь арилжааны компани: 8x8 / АНУ
  • Кодлол: серверт
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; серверын тохиргооноос хамааран дэлгэцэн дээрх мэдээллээ хуваалцах, хурлын тэмдэглэл хөтлөх (дуу хураах); лайв хийх (YouTube дээр);
  • Лиценз: Үнэгүй болон нээлттэй эх үүсвэр (server: Apache License 2.0)
  • Hosting: Өөрөө хост хийх эсвэл гуравдагч тал хост хийх. Дээр дурдсан бидний санал болож буй найдвартай, олон нийтэд хүртээмжтэй серверуудын жагсаалтыг харна уу.
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: серверын тохиргооноос хамаарна, ихэнхдээ 75 оролцогч
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: шаардлагагүй. Оролцогч линкийг нээснээр дуудлага хийж эхэлнэ.
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ эсвэл браузер
  • Тайлбар: Jitsi Meet серверт хийх кодлолтой тул найдвартай сервер сонгох нь чухал. Бидний бодлоор найдвартай гэж үзсэн серверуудын жагсаалтыг дээр гаргасан байгаа. Jitsi Meet-ийг өөрийн сервер дээр мөн хост хийж болно. Jitsi Meet нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэлх кодлол удахгүй гаргах гэж байгаа. Зарим сервер дээр "Phone in" гэсэн сонголт гарч ирж магадгүй ба үүнийг ашиглахад ямар нэгэн кодлолгүй дуудлага хийгэдэнэ гэдгийг анхаарна уу. Хуралд оролцохдоо нэмэлт пассворд ашиглах хувилбарыг ашилаж болно

BigBlueButton - https://bigbluebutton.org/

  • Эзэмшигч нь арилжааны компани: BigBlueButton Inc. / АНУ
  • Кодлол: серверт
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; презентаци хуваалцах/ дэлгэцэн дээрх мэдээллээ хуваалцах / самбар / тэмдэглэл хуваалцах / завсарлагын өрөө / дуу хураах
  • Лиценз: Үнэгүй болон нээлттэй эх үүсвэр (server: GNU Lesser General Public License v3.0)
  • Hosting: өөрөө хост хийнэ
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: серверын тохиргооноос хамаарна, ерөнхийдөө хамгийн их нь 150 оролцогч
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: модератор (зохион байгуулагч) и-мэйл хаяг, оролцогчдод эккаунт шаардлагагүй. Зөвхөн модератор хурал/сургалтын өрөөг үүсгэх боломжтой.
  • Ашиглалт: утас болон компьютер дээр браузераар
  • Тайлбар: BBB-г сервер дээр суулгаж болно. Тэрээр онлайн сургалт явуулахад зориулж бүтээгдсэн бөгөөд сургалтанд зориулагдсан маш олон үзүүлэлт, сонголтууд байдаг (participants болон moderators зэргээс туршалтын хувилбрыг үзнэ үү.

Whereby - https://whereby.com/

  • Эзэмшигч нь арилжааны компани: Video Communication Service AS / Videonor / Норвеги
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл (4 оролцогч хүртэл) / серверт (илүү олон оролцогчтой тохиолдолд)
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; дэлгэцэн дээрх мэдээллээ хуваалцах / дуу хураах
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host: Whereby-ийн сервер
  • Үнэ: үнэгүй (4 оролцогч хүртэл) / сарын бүртгэл (4-с дээш оролцогч)
  • Оролцогчдын тооны хязгаар: 50 (бүртгэлийн хэлбэрээс хамаарна)
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: модераторын хувьд тийм; зөвхөн модератор хурал зохион байгуулж, эхлүүлнэ
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ

Blue Jeans - https://www.bluejeans.com/

  • Эзэмшигч нь арилжааны компани: BlueJeans Network (Verizon) / АНУ
  • Кодлол: серверт
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; дэлгэцэн дээрх мэдээллээ хуваалцах / хурлын тэмдэглэл (дуу хураах);
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host: Blue Jeans-ийн сервер
  • Үнэ: сарын хураамж
  • Оролцогчдын тооны хязгаар: 100 (бүртгэлийн хэлбэрээс хамаарна) 
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: модератор өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ, оролцогчид - шаардлагагүй
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ, утсаар залгах

GoToMeeting - https://www.gotomeeting.com/

  • Эзэмшигч нь арилжааны компани: LogMeIn Inc / АНУ
  • Кодлол: серверт
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст (хязгаартай); дэлгэцэн дээрх мэдээллээ хуваалцах / хурлын тэмдэглэл (дуу хураах)
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host: GoToMeeting-ийн сервер
  • Үнэ: сарын хураамж
  • Оролцогчдын тооны хязгаар: 3000 (бүртгэлийн хэлбэрээс хамаарна)
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: модератор/админ өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ, оролцогчид - шаардлагагүй
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр программ эсвэл браузер, утсаар залгах

Facetime / iMessage - https://www.apple.com/ios/facetime

  • Эзэмшигч нь арилжааны компани: Apple / АНУ
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст / дуут мемо / файл явуулах
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host: Apple-ийн сервер
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: 32 (бүх бүсэд биш)
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм, өөрийн и-мэйл болон утасны дугаараар бүртгүүлнэ. Хурлын бүлгийг аль ч оролцогч байгуулж болно.
  • Ашиглалт: утас болон компьютер дээр эпликэйшнаар
  • Тайлбар: Facetime / iMessage нь iPhone, Mac Book эсвэл iPad зэрэг зөвхөн Apple-ийн төхөөрөмжүүд дээр ажиллана. Apple нь хурлын талаар зарим нэг бичлэгийн хадгалж магадгүй. Apple ил тод байдлын тайлан гаргадаг.

Google Meet - https://meet.google.com/

  • Эзэмшигч нь арилжааны компани: Google LLC / АНУ
  • Кодлол: серверт
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; дэлгэцэн дээрх мэдээллээ хуваалцах / дуу хураах / холбогдох цаг товлох / видео хуваалцах / арын фоны дууг фильтердэх
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host Google-ийн сервер
  • Үнэ: 9 сарын 30 хүртэл үнэгүй / цаашид бүртгэлийн хураамжтай
  • Оролцогчдын тооны хязгаар: 250 (2020 оны 9 сар хүртэл), түүнээс хойш ердийн эккаунтад 100 оролцогч
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм, модератор нь Google-ийн эккаунттай байх шаардлагатай, оролцогчдод шаардлагагүй; зөвхөн модератор хурлын өрөө байгуулах боломжтой.
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, комьютер дээр барузер
  • Тайлбар: Google нь хурлын талаар болон хурлын хэсгээс зарим нэг мэдээлэл хадгалж магадгүй (серверт кодлол хийдэг учир). Google ил тод байдлын тайлан гаргадаг.

Duo - https://duo.google.com/

  • Компани: Google LLC / АНУ
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл
  • Үзүүлэлт: Дуут / дүрст
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host: Google-ийн сервер
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: 2020 оны 3 сараас 12 ба 32 болгох зорилготой
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм – утасны дугаар
  • Ашиглалт: эпликэйшн
  • Тайлбар: Duo зөвхөн утаснаас ажиллана (Android, iOS). Өгөгдөл дамжуулах нарийн хоолой ашиглахад тохиромжтойгоор бүтээсэн. Google хурлын талаар зарим мэдээллийг бичиж болзошгүй.

WhatsApp - https://www.whatsapp.com/

  • Эзэмшигч нь арилжааны компани: Facebook / АНУ
  • Кодлол: нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэл
  • Үзүүлэлт: дуут / дүрст / текст; дуут мемо / файл явуулах
  • Лиценз: лиценз эзэмшигчтэй
  • Host: Facebook-ийн сервер
  • Үнэ: үнэгүй
  • Оролцогчдын тооны хязгаар: дуу болон дүрс 8 / текст 256 / Хэн ч хурлын өрөө байгуулж болно
  • Өөрийн эккаунттай байх шаардлага: тийм, утасны дугаараар бүртгүүлнэ
  • Ашиглалт: утсан дээр апликэйшн, компьютер дээр программ
  • Тайлбар: Бусадтай холбогдохын тулд та тэдэнд өөрийн утасны дугаараа өгөх шаардлагатай. Facebook хурлын талаар зарим мэдээллийг бичиж авах магадлалтай. 8-с дээш оролцогчтой тохиолдолд WhatsApp-ийг Messenger Rooms-тэй нэгтгэдэг (50 оролцогч хүртэл). Messenger Rooms нь нэг үзүүрээс нөгөө үзүүр хүртэлх кодлол хийдэггүй ба энэ нь Facebook-д хурлын агуулгын бүх мэдээллийг мэдэх боломж олгодог.

Видео хурал, webinar (веб семинар) эсвэл онлайн сургалт явуулах зөвлөмж

Видео хурал явуулах зөвлөмж: Одоогийн нөхцөл байдалд та илүү олон видео хурал зохион байгуулж мөн оролцож байгаа нь эргэлзээгүй. Зарим нэгэн нь хэрхэн аюулгүй, өөрийгөө болон өөрийн мэдээллийг эрсдэлд оруулахгүйгээр видео хурал явуулахыг мэдэхгүй байж болох юм:

  • Хурал хийхээр холбогдоход таны камер болон микрофон автоматаар залгагдаж болзошгүйг санах хэрэгтэй. Камераа ямар нэгэн наалтаар нааж (дараа нь хуулахад цавуулаг зүйлс линзэн дээр үлдэхээргүй зүйлээр) зөвхөн камераа ашиглах үед наалтыг хуулж байхыг анхааралдаа авах.
  • Та өөрийн гэр орон, гэр бүлийн зураг, хана болон самбар дээрх хэтэрхий их мэдээллийг бусадтай хувалцахыг хүсэхгүй болов уу? Тиймээс орчин тойрон, арын фоноо анхааран, танаас гадна хэн эсвэл юу камерын хүрээнд багтаж байгааг анзаар. Хурал эхлэхээс өмнө, тухайлбал, meet.jit.si-ийг нээж GO товчлуурыг даран зураглалд юу юу орж байгааг хоосон өрөөнүүдээр камераа асаан харж болох юм. Арын фон эмх замбараагүй байвал цэгцлэх нь зүйтэй.
  • Үүнээс гадна арын фоны дуу чимээг анхаарна. Магадгүй хаалга, цонхоо хааж, эсвэл хамт суудаг хүмүүсдээ хуралтай гэдгээ анхааруулах нь зүйтэй.
  • Видео хурлын үйлчилгээ нь таны үйл ажиллагаа болон байршлын талаарх мэдээллийг цуглуулж байж болзошгүй тул VPN ашиглах нь зүйтэй ( Physical, emotional and digital protection while using home as office in times of COVID-19 guide үзнэ үү).
  • Таны нүүрний хамгийн тохиромжтой байрлал нь таны нүд камерын зураглалын 1-3-ний хамгийн дээд хэсэгт духыг тайрахгүйгээр байрлах юм. Хэрэв та нүүрээ нуух зорилго агуулаагүй бол ар талаас тусах гэрэл, эсвэл цонхны урд суух хэрэггүй. Цонхны болоод хиймэл гэрэлтүүлэг урдаас тусч байх нь тохиромжтой. Байнга камерын зураглалд бай. Байн байн камерын линзрүү харснаар та бусадтайгаа “харцан холбоо” үүсгэх болно. Хэрэв та утсаа ашиглаж байгаа бол нэг газар хөдөлгөөнгүй байрлуулсанаар (тухайлбал өрсөн номны урд) видео хөдөлгөөнгүй байх болно.
  • Өөрийн микрофоныг унтрааснаар таны тэмдэглэл хөтөлж байгаа зэрэг дуу чимээг хааж бусдын анхаарлыг алдагдуулахгүй байх болно.
  • Хэрэв интернэт холболт удаан байвал та камераа унтраах, бусад программудаа түр паузлах, микрофоноо унтраах мөн бусдад эдгээр үйлдлүүдийг хийхийг зөвлөж болох юм. Мөн та рүтэртэй ойр суух эсвэл ethernet кабелийг өөрийн компьютерт шууд залгаж болох юм. Интернэт холболтыг бусадтай хуваан ашигладаг тохиолдолд бусдыгаа хурлын үеэр интернэт хэрэглээгээ багасгахыг хүсч болох юм.
  • Хурлын, ялангуяа бүлгийн хурлын үеээр олон зүйл нэгэн зэрэг хиймээр санагддаг. Гэвч удалгүй та хурлын сэдвээс хоцорсноо анзаарах ба бусад нь мөн анзаарч болзошгүй юм.
  • Өмнө нь ийм маягаар хуралд орж үзээгүй, эсвэл холбоо барих тухайн пдатформ/хэрэгслийг анх удаа ашиглах гэж байгаа тохиолдолд төлөвлөгөөт хурлаас өмнө камер, микрофон унтрааж асаах зэрэг үйлдлүүдтэй танилцан шалгах хэдхэн минут илүү өөртөө зарцуулах нь зүйтэй.
  • Хэрэв боломжтой бол бусадтай холбогдоход бэрхшээл тулгарсан тохиолдолд ашиглаж болох холбогдох нөөц төлөвлөгөөтэй, түүнийгээ шалгасан байвал зүйтэй. Тухайлбал Signal-ийн бүлэгт нэмж хурлын явцад текст маягаар холбогдох, холболтод учирсан асуудлыг шийдвэрлэх г.м. Зарим тохиолдолд компьютертаа өөр браузер, эсвэл утсандаа өөр аппликэйшн татсан байх нь тустай байдаг.

Webimar эсвэл онлайн сургалт зохион байгуулж байгаа тохиолдолд бүлгээр оролцох боломжтой дээр дурьдсан хэрэгслүүдээс ашиглаж болно. Зарим шилдэг туршлагаас дурьдвал:

  • Хэн холбогдсоныг мэдэх шаардлагатай. Хэрэв шаардлагатай гэж үзвэл оролцогч тус бүрийн нэрийг нь хэлүүлж шалгана. Оролцогчийг нэрийг уншиснаар тэр хүн оролцож байна гэж дүгнэж болохгүй.
  • Үндсэн дүрмээ тогтооно. Тухайлбал камер болон микрофон асаах/унтраах, оролцогч үг хэлэхийг хүсвэл дохио өгөх, хурлыг хэн ахлах, хэн протокол хөтлөх – хаана ямар хэлбэрээр хурлын протокол хөтөлж дараа нь хэрхэн тараах, видео хурлын зургийг авах, дуу хурааж болох эсэх гэх мэт.
  • Хурлын сэдэв болон цагийн хуваарийг тогтооно. Хэрэв webinar нэг цагаас илүү хугацаатай явагдахаар бол нэг, нэг цагаар хувааж оролцогчидтой тохирон тодорхой хугацааны завсарлага өгөх нь хамгийн оновчтой. Завсарлагын дараа бүх оролцочид орж ирэхгүй байж болзошгүй, тэдэнтэй өөр аргаар холбоо барьж хуралдаа орохыг сануулах арга олох нь зүйтэй, тухайлбал Signal/Wire/DeltaChat тэдэнтэй холбоо тогтоож болно.
  • Бүртгүүлэхгүй, программ суулгах шаардлагагүйгээр холбогдох браузер ашиглах нь оролцогчдод хамгийн хялбар үйлчилгээтэй холбоо байдаг, үүнд мөн зохион байгуулагч нь өөрөө оролцогчдын камер болон микрофоныг асааж/унтраах боломж орно.
  • Хурал эхлэхээс өмнө оролцогчдод тусгай шаардлага байгаа эсэхийг шалгах нь чухал. Тухайлбал сонсголын эсвэл харааны бэрхшээлтэй зэрэг хуралд оролцоход нөлөөлөх шаардлагууд. Үүнийг харгалзан сонгосон платформ нь тухайн үйлчилгээг үзүүлж чадах эсэхийг мэдэж, хурлаас өмнө шалгах хэрэгтэй. Боломжтой үед камераа асааж амны хайрцаг унших боломжийг олгох зэрэг энгийн арга хэмжээ авснаар оролцоог нэмэгдүүлж болох юм.
  • Оролцогч бүрийг удаан ярьж, хэлц үг ашиглахаас аль болох зайлсхийхийг хөхүүлэн дэмжих. Учир нь хурлын үед ашиглаж буй хэл нь зарим оролцогчдын эх хэл биш байх магадлалтай.
Location